ХААНТ ТЭНГЭРИЙН САМГАЛДАЙ

“Хаант тэнгэрийн Самгалдай” төв нь 2009 онд соёл уламжлал, зан заншил, бөөгийн зан үйл, эцэг өвгөдийн түүх соёлыг түгээн дэлгэрүүлж, ард иргэдийнхээ санаа сэтгэлийг амар амгалан байлгах, газар лус, хөх тэнгэрээ аргадан тахих зорилготойгоор дархад, цаатан, хотгойд  талыг барьсан нийгэмд үйлчилдэг бөөгийн төв юм.

Сайн үйлсийн аян

 

 

Бид бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд чиглэсэн олон сайн үйлсийн аяныг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс тодорхойлсон зорилтод айлуудад иж бүрэн гэр, түлээ нүүрс олгох, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, шинэ жил хүүхдийн баяраар гарын бэлэг, сурлагын өндөр амжилт гаргасан хүүхдүүдэд тусгай бэлэг, урамшуулал олгодог. Мөн “Төрөлх Дархан” төрийн бус байгууллага, Самгалдай төвийн ӨМӨЗО-ны салбартай хамтран жил бүр сайн үйлсийн аяныг хийж ирсэн.

Бодлогын зөвлөл, удирдлагын баг

 

 

 

Манай төв нь жирийн иргэдээс бүрдсэн Бодлогын зөвлөлтэй. Тус зөвлөл нь жил бүрийн хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан нэгтгэж, заавал хийж хэрэгжүүлэх таван ажлыг тогтмолжуулах. Мөн улаач хүний ёс суртахуун, зан байдал, хувь хүний хөгжилд онцгойлон анхаарч байгууллагынхаа хэтийн ирээдүйг тодорхойлон ажилладаг.

Удган, зайрангууд

 

Самгалдай төв нь дархадын 6, цаатан 1, хотгойдын 3, халх 6, баяд 1 гэсэн олон ястнаас бүрдсэн удган зайрантай. Энэ дотроо  9 зайран, 8 удган, 1 уулын хүү, их тэнгэрийн тамгатай 3 түшээгийн хамт үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрх удган, зайрангууд нь монгол орны 4 нуруу, дархадын цэнхэр хотгорын нисдэг долоон удганы дээд удмын долоон чавганцийн онгод, нууцын дөрвөн онгод, хар, цагаан, хөх лусыг татан эзэгнэсэн удам дамжсан удган зайрангууд юм.

Тахилга

Самгалдай төв нь удган зайрангууд болон зон олныг лусад мэдүүлэх, лусыг аргадан тахих зорилгоор “Лусын угаалга”, хөх аргалаар хөх тэнгэрт мэдүүлэх, айл өрхийн гал голомтыг тэнгэр газарт мэдүүлэн даатгадаг “Хөх дөл” галын тахилга, өвлийн аялал жуулчлалд зориулсан олон улсын “Хөх сувд” фистиваль, Мөсний баярын “Галын их тахилга”,  XIII зууны үеийн хөх толботон таван туургатаны онгод тэнгэрүүд болох зүүний 44, барууны 55 тэнгэрүүдийг дээд тэнгэрийн 99 тэнгэрт нэгтгэн захирч, Саяны нурууны эхлэл болох Бүрэнхаан ууланд босгосон хар, цагаан сүлдийг тахих зан үйлийг тус, тус тогтмол хийж ирсэн. Мөн удган, зайрангуудынхаа нутаг орны уул, усыг тогтмол аргадан тахиж, зон олны хүсэлтээр нутаг, уул, усыг аргадан тахиж, даатган залбирдаг.

Хамтын ажиллагаа

 

Самгалдай төвийн Бодлогын зөвлөлөөс төрийн болон төрийн бус олон байгууллагатай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх чиглэл барин ажилладаг. Үүний хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, аймгуудын Засаг даргын тамгын газартай санамж, гэрээний үндсэн дээр нягт хамтран ажиллаж байна. Мөн Монголын бөөгийн Голомт төв, Дэлхийн тэнгэр шүтлэгтэний нэгдсэн холбоо, Монголын тэнгэр үзэлтний нэгдсэн холбоо зэрэг олон төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг.