“Хаант тэнгэрийн Самгалдай төвийн тэргүүн удган Чогостхааны Чоносын тээхийн Дархадын хар тэнгэрийн “Пэрэнлэй” нэртэй онгод шинэ гарсан үхэр жилийн шинжийг уламжлалт ёсоор хаврын тэргүүн сарын шинийн найманд айлдлаа.

Та бүхэнд үхэр жилийн ерөнхий шинж, арван хоёр жилтэний жилийн засал зэргийг тоймлон хүргэж байна.

Шороон үхэр жилийн дөрвөн зүгийн шинж:

Зүүн зүгт өнтэй сайхан жил байна.

Урд зүгт шороон шуурга хуй салхи ихтэй, лус савдаг нь хатуу байна.

Баруун зүгт лус савдаг догширсон ган гачиг ихтэй хатуу жил болно. Нар жаргах зүгээс нь цагаан лусыг дуудуулж лус хаадыг аргадах шаардлагатай.

Хойд зүгт газар лус нь хатуу, лус хаад нь газар шороо хөдөлгөн орж гарсан жил байна.

Хулгана жил зүүн талдаа цас ихтэй байсан бол үхэр жилд хойд зүгт газар лус хатуу байх нь.

Баялаг эрдэнэ гарах зүг:

Дээхэн цагт урдаа эрдэнэ гарсан бол одоо хойд зүгт эрдэнэ гарах юм байна. Үхэр жилийн хувьд Зүүн урд, Баруун урд зүгт эрдэнэ гарч элбэг болох юм байна. Монголчууд газрын баялагаа зөв ашиглаж чадвал үхэр жилийг өнтэй давна.

Төрийн тэргүүн болох хүний шинж:

Айхтар бор ч биш, цайвар ч бич цариатай дунд хэрийн настай халхын сайхан эр. Сайн ажиглах юм бол Зүрх, Баруун хойноо, гарандаа мэнгэ тамгатай, удамдаа юмуу өөрөө мөртөс зүүж байсан мөр нь тэвхгэр шинжтэй хүн төрийн тэргүүн болно.

Цар тахалын тухайд:

Баруун урдаасаа цагаан лусын гаргасан тахал монголчууд үхэж үргэдэхгүй ч дэлхий дахинд олон хүн үхэж үрэгдэнэ. Үхэр жилд баруун зүгийн цагаан лусыг аргадаж Бар жилд дайны хар сүлдээр дарах ганц боломжтой. Арван хоёр жилийн бар жилд ганц хар сүлдийг тахидаг учиртай. Тиймээс олон жил энэ нууцыг мэдэхгүй ирсэн. Бар жилд заавал хар сүлдийг тахих ёстой.

Дөрвөн улирлын төөрөг:

Хаврын тэргүүн сардаа зөөлөн, адаг сардаа жаахан хатуу, зуны эхэн сард зүүн болон баруун зүгтээ хатуу, намрын сардаа найр наадам ихтэй ч гэсэн ноёдын хэл ам их, ард түмэн идэх уух хүнсээр дутмаг байх юм байна.

Насны цөв:

Хүүхэд, өндөр настан хоёрт ээлтэй. Дунд хэрийн насны хүмүүст хатуу юм байна.

Газар хөдлөлт салхи шуурга:

Дэлхий дахинд далайн гүнд газар хөдлөж олон хүчтэй хуй салхи дэгдэх аюултай.

Өндөр Бүрэнхаан, Өргөн Далай ээж болох Хөвсгөл нуур маань дэлхийн цэнгэг усны эх нөөц гэж явдаг. Хөвсгөл нуурын гүнд газар хөдөлсөн бол Хордол сарьдагийн нурууны баруун талд Дархадын хотгорын нуур дээшээ мөсөө зад цохиж газрын гүнээс усаа дээш татаж байна. Хойд мөсөн далайд хөх толботны нутгаас ундарага ихтэй ус ирэх учиртай нь тэр болж байна. Энэ ертөнцөд Нар, Сар, Хүн зон элэг бүтэн, Газар ус ургамлын үндэс бүтэн болон ертөнцийн дөрвөн бүтэн тэр байдаг юм.

Ноёдын хэрүүл тэмцэл ихтэй үхэл зовлон гарах вий, сайн анхааралтай байх хэрэгтэй шүү. Харанхуй нүхэнд унаж хар шороонд булагдах вий дээ.

Арван хоёр жилийн өнгө, засал дом:

Хулгана жилтэн – Олз нь ихтэй боловч, хуй салхи, уул хайрханы савдаг гай зэргээс холуур байгаарай. Газрын хөл модоор дом засал хийлгэнэ.

Үхэр жилтэн – Лус савдаг, Уулын эзнээс холуур, төмөр мэснээс холуур байгаарай. Лусын үйл, Төмрийн үйл, Уул хайрханы домыг заавал хийж гаргаарай.

Бар жилтэн – Хүч ихтэй байх боловч өвчнөөс болж мэс хүргэж болзошгүй анхаараарай.  Жил угтаж өвдөхгүйн тулд таван цулын дом заавал хийж гаргаарай.

Туулай жилтэн – Зүүн, Баруун зүгт газар шороо хөдөлгөж болохгүй. Амьд мод тастаж болохгүй, сайн хичээж яваарай. Олон зондоо хатуу учраас Гарзын үүд хааж, олзын үүдийг заавал нээлгээрэй.

Луу жилтэн – Ургаа мод тастаж болохгүй, буян сайн хийж яваарай. Газрын хөл, Амьд модны хөл, Лусын хөлийг заавал домнож гаргаарай. Сундуйн жүд, Гурван гүрэм, Лха хуруулахад гэмгүй сайн шүү.

Могой жилтэн – Лусаар ороох болохоор тэнгэрийн үүд үхэл, хагацалын үүдийг хааж буян хишиг тогтоож аваарай. Гурван гүрэмтэй буян хишигийн даллага сайн аваарай.

Морь жилтэн – Урд, хойд зүгийн газрын хөлнөөс хол байгаарай. Газрын гүүдэлд дайруулуузай. Салхины домыг заавал гаргаарай. Оройн хар цагаан гэгээ, Үүрийн хар цагаан гэгээг заавал домнож гаргаарай. Таравчамба, Алтангэрэл судар уншуулбал их  сайн байна. Номын засал газрын домын засал заавалл хийх учиртай.

Хонь жилтэн – Хар усны ундарга, Хар сархадны хөлөл, хар төмрийн мэс, хуй салхины эргүүлгээс холуур байгаарай. Үхэр жил сүүлээ шарвахдаа Хуй, Лус, Мэс, Усаар заавал домнож засагдана. Сундуйн жүд, Гурван гүрэм, Лха заавал уншуулана.

Мич жилтэн – Буянаа дагаад олз ирэх боловч олзондоо жаахан хатуу, хэл ам ихтэй байна. Хөрс газрыг сэндийчилж болохгүй. Уул ус, Лус савдагийг аргадаж явахад сайн. Лусын хөлний домыг заавал гаргаж явуул. Сандуйн жүд, Цагаан шүхэрт, Гурван гүрэм, Цэндтэй заавал уншуулаарай.

Тахиа жилтэн – Үүрийн бүрэнхий, оройн хар цагаан гэгээ, Харанхуй шөнө дайрлаганаас холуур. Мод, төмөр, шороо гуравыг заавал зайлуулж залаарай. Дунд хэрийн насныхан амь насны хатуу цөвтөй байх нь байна шүү. Тиймээс долоон домыг долоон зүгт гаргаарай. Баруун зүгт гаргахгүй бусад зүгт гаргаж домнуул. Лус, Газар, Чулуу,  Үхээр, Хий, Буян, Зон тивийн домыг заавал гаргана.

Нохой жилтэн – Чулуун, Тэнгэрийн үйл, Үхээрийн эд, Сүнс зэргээс холуур байгаарай. Үнс салхиар домнож гаргана. Нялхас, хөгшид гайгүй дунд хэрийн насныхан заавал гаргаж домноорой.

Гахай жилтэн – Энэ жил олз нь өвөртөө байна. Олон хүний хэл амнаас холуур байгаарай. Хойд, урд зүгийн газар шороо, лус савдагнаас хол байгаарай. Энэ хоёр зүгийг аргадаж явуул болно.

Энэ жил Үхэр, Могой, Хонь гурван хөлийн жилтэнгүүдэд хатуу байна шүү. Сайн дом засал хийлгээрэй.