ХӨВСГӨЛ АЙМАГ РЭНЧИНЛҮМБЭ СУМЫН БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН ТАНИЛЦУУЛГА

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум нь 841834 га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хотоос 998 км, аймгийн төвөөс 285 км алсад, ОХУ-ын Буриад улс, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул, Алаг-Эрдэнэ, Ханх сум, Хатгал тосгонтой хил залган оршдог. Эрс тэс уур амьсгалтай, хүйтний улирал урт үргэлжилж  өвөлдөө 38-50 хэм хүртэл хүйтэрдэг. Жилдээ 350-400 мм тунадас унадаг. Үүний 70-80 хувь дулааны улиралд, 20-30 хувь хүйтний улиралд унана. Нутгийн ихэнх хэсгийг далайн төвшнөөс дээш 1550-3200 метр өргөгдсөн Хорьдол Сарьдаг, Ренчинлхүмбэ, Агая, Жумарлагийн ноён шовх сарьдаг, Утрага, Жар, Хушт, Өл, Жиглэгийн их даваа, тайга, уул нуруу, ой мод эзэлнэ. Ой тайгад нь хар мод, хуш, нарс, гацуур, улиас мод холилдон ургана. Энэ нь монгол орны ой модны 18 хувь, Хөвсгөл аймгийн ой модны 25 шахам хувийг эзэлдэг.

Дээд Цагааннуур, Дүүрэн, Онгон, Цойцон, Цэцэгт, Тарган нуур зэрэг 300 шахам нуур цөөрөм, Хөг, Ивэд, Шишгэд, Ходон, Арсай, Шарга, Хогорго, Тэнгис зэрэг түргэн урсгалтай 50 гаруй гол байдгаас хамгийн том нь Шишгэдийн гол юм. Шишгэдийн гол нь 344 км урттай, 90-120 м өргөн, гүн нь 3.6-3.9 м юм. Энэ гол нь Енсей мөрөнд цутгаж, цаашлаад Хойт мөсөн далайд хүрдэг онцлогтой. Шишгэдийн хотгорыг “Одоогоос 200 мянган жилийн тэртээ үүсч, 155 мянган жилийн тэртээ ус тогтож, нуур болсон боловч ширгэж, одоогийн Дархадын хотгор бий болжээ” гэж Японы судлаачид дүгнэсэн байдаг.

Ренчинлхүмбэ сумын 872 га тариалангийн талбайтай. Үүнийг ХАА-н нэгдлийн үед тариачангийн эдгээр талбайгаас ихээхэн хэмжээний ургац хурааж байсан ба одоо иргэд зөвхөн хувьдаа хадлан хадаж, мал сүргээ тэжээхэд ашиглаж байна.

Тус сум нь вансэмбэрүү, хонин арц, сибирийн жодоо, даль, сурнаг,  алтан гагнуур, морин зээргэнэ зэрэг ховор эмийн ургамал, малын бэлчээрт нь 67 овгийн, 260-аад төрлийн 700 гаруй зүйлийн өвс ургамалтай.

Энэ нутагт хун, галуу, нугас, ангир, цахлай, усны олон шувууд, тоодог, тогоруу, төрөл бүрийн болжмор, тас, бүргэд, харцага, элээ, хэрээ зэрэг 240 гаруй зүйлийн шувууд нүүдлийн болон байнга нутагладаг.

Мөн буга, чоно, янгир, аргаль, угалз, чандага, зурам, тарвага, бор гөрөөс, буга, хандгай, шилүүс, суусар, солонго, үен, үнэг, булга, баавгай, ольби, зээх, хүдэр, гахай, хэрэм, жирх, халиу, дорго, өмхий хүрэн, туулай, мануул, хярс зэрэг 40 орчим зүйлийн ан амьтан нутагладаг.

Сумын нутагт орших Хоногцол, Боом, Сариг, Цагааннуур, Хар ус, Эмт, Бөөрөг зэрэг рашаанууд нь хүний бие махбодод сайн үйлчилгээтэй, эмчилгээ сувилгааны ач холбогдолтой тул монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс ирж, амарч сувилуулж байна.

Тус сумын цаг уурын нэг онцлог нь өглөө дулаарч нар гарч зуны байдалтай болоод, үдийн алдад тэнгэр бүрхэж, хүйтэн салхи үлээн хавар, намрын шинжтэй болж, шөнөдөө цас орж өвлийн өнгө төрөхийг бий  болгож жилийн дөрвөн улирал нэг өдөрт ээлжлэн тохиолдох явдал цөөнгүй байдаг.

Share This

Copy Link to Clipboard

Copy